|
Монголын үнэн сонин
Монголын Ардын Намын 99, “Монголын үнэн” сонины 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ардын нам, “Үнэн” сонин нь өөрөөр жишиж зүйрлэвэл монгол зоосны хоёр тал юм. Нэг зоос мэт атлаа “төрсөн өдөр” нь өөр байгааг нэг их чухалчилж үзэх зүйл бус. Зүгээр л улс төрийн нам бий болсон үл тасалдах цаг хугацаанаас онцлох нэг өдөр -1921 оны гуравдугаар сарын 1-нийг сонгосон учраас 99, МАН-ын анхны хэвлэл “Монголын үнэн” сонины эхний дугаарыг манай хойд хөршийн Эрхүү хотноо 3000 хувиар хэвлэсэн өдөр - 1920 оны арваннэгдүгээр сарын 10-ныг сонгож тэмдэглэлт огноо болгосон нь 100 жил гэсэн тоог зааж байгаа. Амьдрал дээрх батлах шаардлагагүй илэрхий үнэнийг аксиом гэдэг. Тэртээ 100 жилийн өмнө тус сониныг санаачлан гаргасан Ардын засгийн анхны долоогийн Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, С.Данзан, Д.Лосол, зохиолч С.Буяннэмэх, эрдэмтэн Д.Ишдорж, Чехийн зохиолч Я.Гашек, Оросын хувьсгалч Б.Шумяцкий, Э.Ринчино нар шинэ хэвлэлдээ нэр оноон өгөхдөө нийтлүүлсэн мэдээ, өгүүллийн сэдэв агуулгын хамрагдах хүрээ нь Монгол Улс байхын зэрэгцээ баримт нь батлах шаардлагагүй илэрхий үнэн аксиом мэт байх болтугай гэсэн зарчим дээр санал нэгдэж “Монголын үнэн” сонин хэмээн нэрлэсэн гэдэг. Манай сонины “ҮНЭНИЙ АКСИОМ” өнгөрсөн цагийнх шигээ одоо цагт ч бодит байхын төлөө манай хамт олон ХЭЗЭЭД БЭЛХЭН хэмээн чин зоригийг барин ажиллаж байна.
© 2014 - 2024 esan.mn Steppelink LLC. ®